Монгол бичиг бол Монголын түүх мөн
Монгол бичиг бол Монголын соёл мөн
Монгол бичиг бол Монголын бэлгэдэл мөн
Монгол бичиг бол Монголын бахархал мөн.
ЧОЙ.Лувсанжав
Чой.Лувсанжав гэхээр даяар Монгол андахгүй ээ. Чой.Лувсанжав багш 1930 онд Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт суманд төржээ. 1940 онд аравдугаар анги төгсч, 1950 онд Улсын багшийн дээд сургуулийг "Маршал Чойбалсан"-ийн нэрэмжит цалинтайгаар төгсгөжээ. 1977 онд Унгар улсын их сургуульд багшилж, дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1946-1950 онд дунд сургуулиудад багш захирлаар, 1970-1971 онд Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1972-1995 он хүртэл Монгол Улсын их сургуульд танхимын эрхлэгч, деканаар ажиллаж байжээ. 1966-1970 онд Чехийн их сургуульд, 1981-1992 онд Японы их сургуульд тус тус багшилжээ.
1981 онд профессор, 1969 онд Британийн их сургуулийн хүндэт профессор, Монгол Улсын их сургуулиас тэргүүлэх профессор цолыг тус тус хүртэж байжээ. Лувсанжав багш гадаад дотоодын олон мянган оюутан шавьтай бөгөөд гадаадын 13 улсын хэл мэддэгээс гадна англи, орос, герман, франц, япон, манж, монгол хэлний толь бичиг зохион гаргажээ.
Хүн эрдэм номыг яаж сурч эзэмшдгийн амьд жишээ Чой. Лувсанжав багш мөн. Чой.Лувсанжав багш "Монгол бичгийн түүхэн үүрэг" гэсэн өгүүлэлдээ "Монгол туургатны утга соёл хийгээд хүн төрөлхтөн түүний дотор Төв Азийн ард түмний соёл боловсролд монгол бичгийн ач холбогдлыг өгүүлсэн байдаг.
Хүн төрөлхтөн түүхэн хугацаандаа тавхан үсэг бичиг буй болгосны нэг нь монгол бичиг мөн. Энэ бол хүн төрөлхтний соёлд монголчуудын гаргасан үнэтэй хандив мөн. Монгол босоо бичиг бол олон зуун жил боловсрон хөгжиж ирсэн юугаар ч орлуулшгүй их соёл мөн" гэж бичиж байжээ.
Лувсанжав багш бол эрт эдүгээгийн түүх, соёлын холбогдолтой арвин их мэдлэгтэй, гарамгай эрдэмтэн байсныг олон түмэн мэдэрч, хайрлан хүндэтгэсээр ирсэн билээ. Лувсанжав багш үндэстнийхээ бичиг соёлыг дэлгэрүүлэх их ажлыг анхлан сэдэж, монгол бичгээ бүх нийтэд заан сургах, улмаар монгол бичгийг төрийн бичиг болгох ирээдүйтэй зорилт тавьж, бие сэтгэл оюунаа дайчлан ажиллаж, удирдан зохион байгуулж байсан хүний нэг билээ.
1989 оны есдүгээр сард Улаанбаатар хотын 200 гаруй монгол бичгийн багш нарыг цуглуулж, тэдэнтэй зөвлөлдөн зөвшилцөж ярилцсан бөгөөд Монгол Улсын их сургуулийн багш Д.Гантогтох, багш З.Нямдорж, багш Б.Равдан, багш С.Жигмэдсүрэн, багш Д.Нямбуу, ахмад дайчин Д.Өвгөнхүү нарын багш нартай хамтран 1989 оны есдүгээр сард "Монгол бичиг хоршоолол"-ыг үүсгэн байгуулсан байна.
18 аймаг Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын монгол бичиг суралцагсдын бүлгэм дамжаанг байгуулж, олон мянган хүнийг сургаж эхэлсэн бөгөөд 1999 оны гуравдугаар сард багш Т.Дашцэдэн, Ч.Лувсанжав, Ш.Чоймаа, Д.Төмөртогоо, С.Дулам, Ц.Шагдарсүрэн, Л.Дамдинжав нарын нийслэлийн багш нар, эрдэмтэн, мэргэжилтэн судлаачид санаа нэгдэн хуралдаж, зөвлөлдөн монгол бичгээ улс даяар дэлгэрүүлэх сургах ажлыг хэлэлцэж, бие даасан саланги олон хэсгийг нэгтгэн зангидаж, нэгэн зорилгод чиглүүлэх нь чухал гэж үзээд монгол бичгийн ардын хүрээлэнг 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Ерөнхийлөгчөөр багш Т.Дашцэдэн, дэд ерөнхийлөгчөөр Ш.Чоймаа нарыг сонгон баталж байжээ. Монгол үндэстнийхээ монгол бичгийг сурах сургах хөдөлгөөн орон даяар өрнөж, нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хүртэл монгол бичгээ зааж эхэлсэн байна. 1992 онд Ч.Лувсанжав багш санаачлан мэргэжлийн багш нартай зөвлөлдөн, монгол бичиг хоршооллын дэргэд 120 оюутантай "Монгол хэл бичгийн дээд сургууль байгуулж, С.Жигмэдсүрэн, З.Нямдорж, Х.Даш, Б.Равдан нар багшаар ажиллаж байв.
1993 онд багш Чой.Лувсанжав Хэл иргэншлийн дээд сургуулийг байгуулж монгол бичигтэйгээ хавсран англи, герман, япон, хятад хэлний анги танхимыг нээж хичээллүүлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэргэжлийн багш олон мянган оюутныг төрүүлэн гаргажээ.
Чой.Лувданжав багшийн хөдөлмөрийн бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1993 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ. Чой.Лувсанжав багш өөрийн хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлж, эрдмийн зэрэг цолтой болгосны үрээр хүү Дарамбал, охин Соёмбо нар нь аавынхаа үйл хэргийг өвлөн залгамжилж, түүний байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуулийг аж ахуй зохион байгуулалтын талаар өргөжүүлэн тохижуулж оюутнуудын чөлөөтэй тавтай амьдрах нөхцөл бололцоог хангаж ажилласны дүнд улсын тэргүүний сургуулийн нэг болжээ.
Тус сургуульд Боловсролын яамнаас магадлан итгэмжилсэн гэрчилгээ олгосон байна. Монгол Улсын гавьяат багш, соён гэгээрүүлэгч, доктор профессор Чой. Лувсанжавын гавьяат үйл хэрэг, эрдэм номын их бүтээл нь үеийн үед уламжлагдан мөнхрөх болно.
ЛУ Багшийн шавь, Манж хэлний орчуулагч магистр, дэд профессор багш С.Жигмэдсүрэн
2024-11-20
2024-11-19
2024-11-18